Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ИТХ

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ИТХ

Гурванбулаг сумын ИТХ-ын албан ёсны цахим сайт Гурванбулаг сумын ИТХ-ын албан ёсны цахим сайт

СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА ГАНЦ ОРОН ТООТОЙ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?

2015-11-30

“Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлсон шийдвэр гаргаж, түүнийхээ хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий сонгуулиар байгуулагддаг, орон нутгийн түвшиндээ бодлого тодорхойлох статустай иргэдийн төлөөллийн байгууллага мөн”
“Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага болохын хувьд нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэр гаргах эрхтэй”  хэмээн заасан байдаг ч одоогоор зарим нэг хүмүүс ИТХ-ыг байлгах хэрэгтэй юу? үгүй юу? гэж үзсээр байгаа нь ардчилалд шилжээд 20 гаруй жил болсон манай улсад тохирч байгаа эсэх нь эргэлзээтэй. ИТХ нь засаг төрийн бодлогыг орон нутгийн эрх ашигтай хослуулан тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөө ажиллах үүрэгтэй.
Манай улс ардчилсан улс болохоор зоригтой алхам хийж 1990 оноос эхлэн ардчилсан улс болохоор шийдсэн нь нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэхээр эргэлт буцалтгүй сонгосон билээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтэц зохион байгуулалт нь өөрийн онцлогтой. ИТХ нь өөрийн бүтцээ өөрөө хэлэлцэж батлана, тэдгээрийн ажиллах дүрэм, заавар, журамаа өөрсдөө тогтоодог нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хараат бус бие даасан байдлын илэрхийлэл юм. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд зааснаар “Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг Тэргүүлэгчид өөрөө тогтооно. Ажлын албаны дарга нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байна.”   гэж заасан байсаныг “Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг Төсвийн тухай хуулийн 10.1.2-т заасан тухайн жилийн төсвийн хязгаарт багтаан Тэргүүлэгчид өөрөө тогтооно.” гэж 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулжээ.  Энэ заалтын дагуу сумд 1 хүнтэй ажлын алба ажиллаж байна. Үүнээс харахад Засаг захиргааны анхан шатны нэгж болох сумын хувьд ажлын алба нь ИТХ-ын нарийн бичгийн даргаас бүрдэж байгаа ба ганц орон тоотой байгаа нь хэр зохимжтой вэ? гэсэн асуудал урган гарч байгаа юм.
ИТХ-ын нарийн бичгийн даргыг тухайн шатны ИТХ-ын Тэргүүлэгчид олонхийн саналаар сонгон томилдог. Хурлын ажлын алба нь ИТХ-ын үйл ажиллагааг хангахад бүх талын туслалцаа үзүүлэх, үндсэн үүрэгтэй бөгөөд тухайн хурлын нэрийн өмнөөс эрх зүйн харилцаанд оролцдог.
Дээр дурдсан ажлын алба буюу өнөөгийн практик дахь сумдын ИТХ ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь ИТХ-ын хуралдаан болон Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг судлан боловсруулах, иргэдийн санал хүсэлтийг  авах, санал асуулга явуулах, хурлаас гарах шийдвэрийн төсөл боловсруулах, төлөөлөгчдөд зар хүргэх, хуралдаанаас гарсан шийдвэрийг хүргэх, шийдвэрийг сурталчилах, хэрэгжилтийг хангах, биелэлтийг шалгах, холбогдох байгууллага албан тушаалтнаас тогтоолын хэрэгжилтийг гаргуулан авах, байгууллага, иргэдийн тавьсан  өргөдлийн (санал, хүсэлт гомдол)-ын хариуг өгөх, ГХУСАЗЗ-ийн ажлыг төлөвлөх, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тайлан мэдээг хүргэх, улаан загамайн сумын хорооны ажлын төлөвлөгөө, тайлан, хандив татвар цуглуулах, цагаатгалтай холбогдсон асуудлууд, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах, багийн ИНХ-уудыг арга зүйгээр ханган ажиллах, Авлигатай тэмцэх газарт Эрх бүхий албан тушаалтнаар бүртгэгдэн ИТХ-д ХАСХОМ мэдүүлэх нийт 29 албан тушаалтны мэдүүлгийг хүлээн авах, бүртгэх хадгалах, хянах, сонгуулийн жилд сонгуульд нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хүлээн авах, хянуулах, шаардлагатай тохиолдолд мэдэгдэл тайлбар гаргах албан тушаалтнуудын ашиг сонирхолын зөрчилгүйгээ илэрхийлсэн мэдэгдэл тайлбар гаргуулан авах, бүртгэх, хадгалах, ИТХ-ын архив албан хэрэг хөтлөлтийн ажлыг дангаараа хариуцан ажиллаж байгаа гээд маш нарийн ажлуудыг төлөвлөн гүйцэтгэдэг. Гэвч өнөөгийн түвшинд ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь ажлын ачааллаас болж дээрх ажлуудыг бүрэн гүйцэт хийж чадахгүй зарим ажлууд орхигдож байгааг үгүйсгэх аргаггүй.  2014 онд Монгол Улсын Ерөнхийлагчийн санаачлагаар иргэний танхмыг аймаг, сум бүрд байгуулсан нь маш зөв алхам байсан ба энэ нь иргэдийн дунд сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах, тэдний санал хүсэлтийг хүлээн авах, хурлын хэлэлцэх асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулж хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг ИТХ-ын үйл ажиллгаа буюу хурлын шийдвэрт тусган хэрэгжүүлж байсан нь иргэдийн ИТХ-д оролцох иргэдийн оролцоог хангасан иргэдийн талархалыг хүлээсэн ажил болсон.  
Гэвч зарим нэг ядмаг хүмүүсийн хурал байх шаардлагагүй, орон тоог нэмэх шаардлагагүй гэж үзэх үзлээс шалтгаалан энэ орон тоог байхгүй болгосон. Үүний уршигаар иргэний танхимд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр авсан тоног төхөөрөмж үргүйдэж байх талтай. Жишээлбэл Гурванбулаг сумын иргэний танихимыг тохижуулахад орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 17 сая төгрөгийг зарцуулсан. Сумын ИТХ-ууд нь хуулийн хүрээнд харьцангуй эрх мэдэл олгогдож буй мэт боловч энэ нь бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй, ИТХ-уудыг тойрсон тулгамдаж буй олон асуудлууд хөвөрсөөр л......
Иргэддээ тулгуурласан ардчилсан ёсыг  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасанчлан нутаг дэвсгэрийн нийгэм, эдийн засгийн асуудлыг бие даан шийдвэрлэхэд орон нутгийн хурлуудын орон тоо, төсвийн асуудлыг шийдвэрлэж жинхэнэ утгаар нь бий болгож бэхжүүлэх шаардлагатай байна.
Өнөөгийн нийгэмд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд аль ч шатны хуралд оролцох иргэдийн оролцоо сул, санхүүгийн эрх мэдэл хязгаарлагдмал, ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байгаа төлөөлөгчийн чадамж сул зэрэг тулгамдаж буй асуудлууд олон байна.
Аймаг, сумын ИТХ, багуудын ИНХ-ын хуралдаан болон Тэргүүлэгчдийн хуралд иргэдийн оролцоо жил ирэх тусам буурсаар байгаа нь нутгийн удирдлагыг бэхжүүлэхэд саад болж байгааг үгүйсгэх арггүй. ИТХ бол иргэдийн өөрсдийнх нь төлөөллийн байгууллага гэсэн мэдрэмж тун бага гэсэн судалгаа ч хийгдсэн байна.  Ийм ойлголт түгээмэл байгаа нөхцөлд иргэдийн оролцоо өндөр байх, өөрөө удирдах ёс үр нөлөөтэй байх боломж хомс юм.
Орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нутгийн удирдлага илүү их үүрэгтэй байх ёстой гэж үздэг байна. Гэвч  нэг анхаарал татаж байгаа асуудал бол Засаг дарга илүү их үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн үзэл иргэдэд давамгайлж байгаа нь нутгийн удирдлагын хосломол зарчим нь төрийн удирдлагад илүү эрх мэдэл олгосон байж болох юм.
Төсвийн тухай хууль батлагдснаар сумын ИТХ нь орон нутгийн төсвийг хийгдсэн хуваарийн дагуу гар өргөн баталдаг ёс төдий зүйлээс салгах эх тавигдсан байж болох талтай. Гэрч нөгөө талаас улсын төсөвт байгууллагууд болох сургууль, эрүүл мэндийн төв, цэцэрлэг, соёлын төсвийг тусгай зориулалтын шилжүүлэг гэж нэрлэн мөнгөн дүнгээр батлаж байгаа нь учир дутагдалтай. Үнэндээ санхүүгийн удирдлагыг хувьд ИТХ-ын дарга нь албан газрын дарга, эрхлэгчдээс ч доогуур байгаа юм.
Засгийн газрын шийдвэрээр төрийн албан хаагчид ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох бол ажлаасаа түтгэлзэх болсон нь давуу болон сул талыг дагуулж байна. Энэ шийдвэрийн давуу тал нь төрийн захиргааны албан хаагчид ИТХ-ын төлөөлөгч болсоноор өөрсдийн хийж хэрэгжүүлсэн ажилдаа үнэлэлт, дүгнэлтийг өгч байсныг болиулсан явдал юм. Гэвч төрийн албан хаагчид ИТХ-д нэр дэвшихийг хориглосоноор хуралд нэр дэвшигчид нь малчид, бизнес эрхлэгчид дийлэнх хувийг эзлэх болсон нь төлөөлөгчдийн чадамж муу, хэлэлцүүлж буй асуудлыг ойлгодоггүй, хувийн ашиг сонирхолоор асуудалд хандах үзэгдэл давамгайлсан мөн сумын ИТХ-ын төлөөлөгчийн намын жагсаалтаар сонгож байгаа нь тэдгээр сонгогдсон төлөөлөгчид нь иргэд сонгогчидод хариуцан хийсэн ажлаа тайлагнах боломжгүй, хөдөө орон нутагт улс төржилтийг ихэсгэх шалтгаан болж байх талтай.
Иймд хурал тус бүрийн эрх мэдлийн асуудлыг зааглан тогтоох, ИТХ- уудад санхүүгийн эрх мэдлийг өгөх, бүтэц орон тоогоо өөрсдөө баталж болох заалт байдаг ч энэ нь бодит амьдралд нийцэхгүй байгаа ба мөн орон нутгийн түвшинд ИТХ-ууд боловсон хүчнийг сонгон авах, албан тушаалаас чөлөөлөхөд зөвшилцөх, санал өгөх зэрэг ямар нэг хэлбэрээр оролцох  шаардлагатай. Нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц зохион байгуулалтыг Засгийн газраас өөрчлөлт хийхдээ аймаг нийслэлийн ИТХ дарга болон Засаг дарга нартай зөвшилцдөг, тэдний саналыг авдаг харилцааг бий болгох, аймаг, хотыг нэг стандартаар орон тоо, зохион байгуулалтыг баталдаг нь тийм ч оновчтой бус учир бүтэц зохион байгуулалтын эрхийг орон нутагт нь өгөх жишээ нь иргэний бүртгэл, халамж, нийгмийн даатгал, татвар зэрэг  босоо удирдлагатай албан тушаалтнуудыг  сумын ЗДТГ-ын бүтэц орон тоонд оруулан нэгдсэн нэг удирдлагатай ажиллуулах.
Нутгийн өөрөө удирдах ёсны тухай ойлголтод нийцүүлэн орон нутгийн түвшинд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаанд иргэдийн оролцоог илүүтэй хангаж өгөх зорилгоор ИТХ-ын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралд иргэдийг оролцуулах, гаргах болон гарсан шийдвэрийн хэрэгжилтэд оролцох, хяналт тавих эрхийг хуульчилж өгөх. ИТХ-ын үүрэг хариуцлагыг улам тодорхой болгох, Тэргүүлэгчдийн ажлын албыг өргөтгөх.
ИТХ-ыг сонгох Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх, сонгуулийн тогтолцоог шинэчлэх жинхэнэ иргэдийн төлөөлөл байхаар хуульчлах гэх мэт олон асуудлуудыг шийдвэрлэх  шаардлагатай байна.

НИЙТЛЭЛ БИЧСЭН:
ГУРВАНБУЛАГ  СУМЫН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.АЛТАНЦЭЦЭГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%