Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ИТХ

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ИТХ

Гурванбулаг сумын ИТХ-ын албан ёсны цахим сайт Гурванбулаг сумын ИТХ-ын албан ёсны цахим сайт

Сумын ИТХ-ын хуралдааны дэг

2015-11-12

Сумын ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдааны 5/1 -р тогтоолын хавсралт

ГУРВАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН  ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ДЭГ

1 дүгээр зүйл. Дэгийн зорилт
1.1.    Энэхүү дэгийн зорилт нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хурлын хороо, түр хороодын хуралдаан /цаашид “хуралдааны” гэх /-ыг зохион байгуулах, хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах дэг журамтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Нийтлэг үндэслэл
2.1. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан мөн.
2.2 Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралданы зохион байгуулалт, үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль болон энэ дэгээр зохицуулна.
2.3 Сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дарга,  Тэргүүлэгчдийн ажлын албатай байх бөгөөд ажлын албаны бүтцийг хурлын Тэргүүлэгчид тогтооно.
3 дугаар зүйл. Хуралдааны үндсэн зарчим
3.1 Хуралдаан хууль дээдлэх, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн саналыг хүндэтгэн сонсож олонхийн саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно.
3.2 Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч /цаашид “Хурлын төлөөлөгч гэх” / хуралдааныг товлон зарласан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй.
4 дүгээр зүйл. Хуралдааны тов, ирц ба хэлэлцэх асуудал
4.1 Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын / цаашид “Хурал” гэх / ээлжит хуралдааныг улиралд 1-ээс доошгүй удаа, ээлжит бус хуралдааныг төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаарсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр өөрийн онцгой бүрэн эрх болон хууль тогтоомжид заасан бусад эрхэд хамаарах асуудлын хүрээнд тогтмол хуралдуулна.
4.2 Цаг үеийн шаардлагатай асуудлаар Хурлын Тэргүүлэгчид энэ дэгийн  4.1-д заасан ээлжит хуралдааны чөлөө цагт хуульд заасан өөрийн бүрэн эрхийн асуудлаар хуралдаж тогтоол гаргах бөгөөд энэ талаар Хуралд тайлагнаж ажиллана.
4.3 Хурлын хуралдааны бэлтгэл хангах, хэлэлцэх асуудал боловсруулах зорилгоор нам, эвслийн бүлэг, Хурлын хороо, түр хороодын хуралдааныг хуралдуулж болно.
4.4 Хурлын ээлжит ба ээлжит бус хуралдааны хэлэлцэх асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар тогтоож таваас доошгүй хоногийн өмнө зарлах бөгөөд Хурлын төлөөлөгч болон сумын Засаг дарга нь Хурлын хэлэлцэх асуудлын дараалалд энэ дэгт заасан хуралдааны бэлтгэл ажил ба хэлэлцүүлгийн шаардлага хангасан асуудлыг оруулж хэлэлцүүлж болно.
4.5 Шаардлагатай тохиолдолд нам эвслийн бүлэг хуралдаанаас тухайн хэлэлцэж буй асуудлаар завсарлага авч болох бөгөөд завсарлагын хугацаа дээд тал нь ажлын тав хоног байна.  Завсарлага авч буй нам эвслийн бүлэг албан бичгээр мэдэгдэх ба албан бичигт завсарлагын эхлэх, дуусах хугацааг тодорхой тусгана.
4.6 Хуралдаанд бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн нийт төлөөлөгчийн олонхи оролцсоноор ирцийг хүчин төгөлдөрт тооцно. /50 буюу түүнээс дээш хувь/
4.7 Хурлын төлөөлөгч нэгдсэн хуралдаанд хүндэтгэх шалтгаанаар ирэх боломжгүйд хүрвэл Хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад мэдэгдэж, хэлэлцэх асуудалтай холбоотой саналаа урьдчилан бичгээр ирүүлж болох бөгөөд зөвхөн ирүүлсэн саналтай холбоотой асуудлыг шийдвэрлэх санал хураалтын хувьд дэмжсэнд тооцно. Харин хурлын ирцийг тооцоход тухайн төлөөлөгчийг оруулж тооцохгүй.
4.8 Хурлын Төлөөлөгч өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, уулзалтанд зайлашгүй оролцох шалтгаантай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно.
4.9 Хурлын төлөөлөгч, нам эвслийн бүлэг шалтгаангүйгээр хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гархыг хориглоно.
4.10 Хурлын Төлөөлөгч, нам эвслийн бүлэг шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй буюу орхиж гарсан бол хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна.
4.11 Хуралдаанаар Хурал өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлын зэрэгцээ эрх бүхий дээд шатны байгуулагаас сумын ИТХ-аар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн асуудал, сумын Засаг дарга болон хурлын Тэргүүлэгчдээс өөрсдийн эрх хэмжээний асуудлыг шийдвэрлүүлэхээр оруулсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж болно.
4.12 Хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Хурлын Төлөөлөгчдийн тавны нэгээс доошгүйн саналаар ээлжит хуралдаанаар хэлэлцүүлнэ. Нэмэлт өөрчлөлтийг нийт Төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар батална.
4.13 Төлөөлөгч хуралдаанд хуралдааныг товлосон цагт ирсэн байх ба хуралдааныг цагт нь эхлүүлнэ. Энэ асуудлыг журмаар зохицуулна.
5 дугаар зүйл. Хурлын хуралдаанд асуудал оруулах эрх
5.1 Хурлын төлөөлөгч, Хурлын хороо, Нам, эвслийн бүлэг, сумын Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.
5.2 Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж иргэн Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно.
5.3 Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг Хурлын даргад өргөн барьж, Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах эсэхийг шийдвэрлэнэ. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах боломжгүй бол энэ тухайгаа хариу мэдэгдэнэ.
5.4 Хуралдааанаар хэлэлцүүлэх асуудал тодорхой төсөв, зохион байгуулалт, хүн хүч шаардсан ажил бол сумын Засаг даргын саналыг заавал авсан байх ёстой. Хурлын төлөөлөгчөөс санал авахаар ирүүлсэн асуудлын төслийг сумын Засаг дарга судалж үзээд ердийн боломжит хугацаанд санал өгөх ба хамгийн ойрийн ээлжит хуралдаанд амжиж санал өгөөгүй бол дараагийн ээлжит хурлаас өмнө заавал санал өгсөн байна.
6 дугаар зүйл. Хуралдааны шийдвэр
6.1. Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд тогтоолын тухайн хурлын хуралдаанд оролцсон төлөөөлөгчдийн олонхийн саналаар батална.
6.2 Хурлын тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна.
6.3 Хурлын шийдвэрийг иргэдэд сурталчилах ажлыг сумын Засаг дарга, ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар,  албан байгууллагын дарга эрхлэгч нар хариуцан мэдээлнэ.
6.4 Хурлын шийдвэр нь хууль тогтоомжид нийцээгүй бол түүнийг хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно.
7 дугаар зүйл. Хурлын шийдвэрт хориг тавих
7.1 Хурал үндсэн хууль, бусад хууль тогтоомж зөрчсөн эсхүл өөрийнх нь бүрэн эрхэд үл хамаарах, түүнчлэн хэрэгжих санхүүгийн болон бусад эх үүсвэргүй шийдвэр гаргасан бол Засаг дарга холбогдох шийдвэрт бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эрхтэй.
7.2 Засаг дарга Хурлын шийдвэрт хориг тавьсантай холбоотой харилцааг Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 27-р зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.
8 дугаар зүйл. Хуралдааны бэлтгэл ажиллагааг хангах журам
8.1 Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, бусад хуулинд хэлэлцэхээр заасан асуудлууд, хурлын байгууллагаас сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэл, Хурлын Тэргүүлэгчдийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг ээлжит хуралдааны хугацаанд нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
8.2 Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан илтгэл, гарах шийдвэрийн төслийн асуудал оруулж байгаа Төлөөлөгч болон Хурлын ажлын алба, Засаг дарга түүний Тамгын газар боловсруулна.
8.3 Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалыг шаардлагатай тохиолдолд тухайн асуудал эрхэлсэн хорооны хурлаар урьдчилан хэлэлцэж, нэгдсэн санал дүгнэлтийг хуралдаанд оруулна. Хурлын хуралдаанаар хэлэлцэх илтгэл, сонсгол, мэдээллийг Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болон Засаг даргын зөвлөлийн хурлаар урьдчилан хэлэлцэж, илтгэл, илтгэгчийг батална.
8.4 Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргах, хорооны санал дүгнэлт бэлтгэх, сурталчлах ажлыг тухайн хорооны дарга, нам, эвслийн бүлэг,  Хурлын ажлын алба, сумын Засаг даргын Тамгын газрын ажлын алба тус тусын үүргийн дагуу хариуцна.
8.5 Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1-ээс доошгүй хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй. Энэхүү заалт нь анхдугаар хуралдаанд хамаарахгүй.
8.6 Хуралдаанд хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанд урилгаар оролцох албан тушаалтны нэрсийг Хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн урилгыг Хурлын ажлын албанаас 2-оос доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ.
8.7 Нэгдсэн хуралдааныг хэвийн  явуулах бэлтгэлийг хангах, хүндэтгэлийн туг, сүлд болон шаардлагатай тэхник тоног төхөөрөмж /хуралдааны байр              бэлдэх/-ийг Засаг Даргын Тамгын Газар урьдчилан хангасан байна.
9 дүгээр зүйл. Хурлын хуралдааныг зохион байгуулах журам
9.1 Хурлын хуралдааныг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулж болно.
9.2 Нээлттэй хуралдааны үед дараахь журмаар хуралдааны ажиллагааг зохион байгуулна.
Үүнд:
9.2.1 Хурлын төлөөлөгчид, урилгаар оролцогсод, хэвлэл мэдээллийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл хуралдаан эхлэхээс өмнө суудлаа эзэлсэн байна. Хуралдааны ирц, урилгаар суугчдын талаар Хурлын ажлын албанаас хурал даргалагчид  урьдчилан мэдэгдэх.
9.2.2 Хуралдаан эхлэхээс өмнө танхимд Монгол улсын төрийн сүлд дууллыг эгшиглүүлнэ.
9.2.3 Хуралдаан даргалагч хуралдааныг нээж товч үг хэлэх бөгөөд төлөөлөгчдийн ирц, урилгаар оролцож байгаа хүмүүсийн талаар танилцуулна.
9.2.4 Хуралдаан дагалдагч  дараалал, хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулах.
9.2.5 Хэлэлцэх асуудалтай холбоотой илтгэл, сонсгол мэдээлэл нь Төлөөлөгчдөд урьдчилан тараасан бол түүнийг бүтнээр нь сонсохгүйгээр тайлбар авч, санал, дүгнэлтийг нэгтгэн сонсож, гаргах шийдвэрийн төслийг хэлэлцэнэ. Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалд холбогдох зураг, хүснэгт танилцуулга, дүрс ба дууны бичлэг, видео бичлэг, биет зүйлс түүний загвар хэсгийг хуралдаанд үзүүлж болно.
9.4. Төлөөлөгчид хуралдаанд оролцохдоо хуралдааны дэг, хуралдааны даргын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд үг хэлэх, санал шүүмжлэл гаргах, асуулт тавих эрхийг дараахь байдлаар эдэлнэ. Үүнд:
    9.4.1 Үг хэлэх, асуулт асуухаа урьдчилан мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авах.
    9.4.2 Тогтоосон хугацаанд өөрөө үг хэлэх, асуулт асуух энэхүү эрхээ бусад төлөөлөгчдөд шилжүүлэхгүй байх.
    9.4.3 Хуралдаан даргалагч зөвшөөрөл өгөөгүй байхад үг хэлэх буюу асуулт тавих энэхүү эрхээ эдлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, басамжлах, яриаг нь таслах өмнөөс нь үг хэлэх өөрийн саналыг дэмжүүлэх буюу бусдын саналыг үгүйсгэх зорилгоор үзүүлэх, хүч хэрэглэх зэрэг үйлдэл гаргахгүй байх.
    9.4.4 Төлөөлөгч хэлэлцэж байгаа асуудал бүрээр эхний удаад 5 минут, дараагийн удаад 2 минут хүртэл хугацаагаар үг хэлнэ. Үг хэлэх хугацааг тухайн хэлэлцэх асуудлаас шалтгаалан тухайн хуралдаанаас тогтооно.
9.4.5 Төлөөлөгч хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан төр захиргааны албан тушаалтанд хандаж асуулга тавьж хариу авч болно. Тавьсан асуулганд тухайн хурал дээр хариу өгөх боломжгүй бол хариуг албан бичгээр мэдэгдэнэ.
9.5 Хэлэлцэж байгаа асуудлаар Төлөөлөгчдийн гаргасан горимын саналыг сонсох, түүгээр санал хураалгаж болно. Горимын санал гэж хуралдаанаар тухайн асуудлыг хэрхэн хэлэлцэж шийдвэрлэх талаар Төлөөлөгчдөөс гаргасан саналыг ойлгоно.
9.6 Хуралдааны санал шүүмжлэлийг төлөөлөгчдийн олонхийн саналаар тасална. Шаардлагатай гэж үзсэн цөөнхийн саналыг тусгайлан хэлэлцэж хуралдааны шийдвэрт болон тэмдэглэлд тусгана. Төлөөлөгч нь санал шүүмжлэлээ бичгээр гаргаж болно.
9.7. Тодорхой асуудал хэлэлцэх явцад шаардлагатай бол Хуралдааны даргын болон төлөөлөгчдийн олонхийн саналаар хуралдааныг түр завсарлуулж болох бөгөөд завсарлагааны хугацааг Хуралдааны дарга тогтооно.
9.8 Хурлын тогтоол бусад баримт бичгийн төслийг нарийвчлан хянаж төлөөлөгчдийн санал шүүмжлэлийг тусгаж нягтлан боловсруулах зорилгоор хуралдаанаас гарах шийдвэрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж болно.
9.9 Төлөөлөгч нь хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл оруулах, тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, засвар хийх эрхтэй. Тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг төлөөлөгчдөөр хэлэлцүүлж, тэдний олонхийн саналаар шийдвэрлэнэ.
9.10 Хуралдааны дарга нь бичгээр санал, асуулт, асуулгын талаар төлөөлөгчдөд сонгох, танилцуулж хэлэлцүүлэх, хэлэлцсэн асуудлаар төлөөлөгчдийн саналыг хурааж дүнг мэдээлж, эцсийн шийдвэрийг батлуулна.
9.11. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тавьсан санал хүсэлт, өргөдөл гомдолыг хүлээн авч хэрхэн хэлэлцэх журмыг хурал өөрөө тогтоож мөрдөнө.
10 дугаар зүйл. Нээлттэй хуралдааны дэг
10.1 Нээлттэй хуралдаанд хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, иргэдийн төлөөлөл ажиглагчаар оролцож болно.
10.2 Нээлттэй хуралдааны явцыг дуу, дүрс бичлэг, мэдээллийн бусад хэрэгсэлийг ашиглан баримтжуулна.
10.3 Нээлттэй хуралдаанд ажиглагчаар оролцох иргэдийн хүсэлтийг урьдчилан авах бөгөөд эхэлж хүсэлт тавьсан иргэдийн төлөөллийг оролцуулна.
11 дугаар зүйл. Хуралдаан даргалагчийн эрх, үүрэг
11.1. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн аль нэг нь нээж удирдана. Хуралдааныг зохион байгуулах талаар хуралдаан даргалагч дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
11.1.1. Хуралдааны товыг тогтоон зарлаж бэлтгэлийг хангах
11.1.2. Хуралдааныг товлосон цагт эхлүүлж дэгийн дагуу зохион байгуулж, зөрчигдвөл таслан зогсоох
11.1.3. Саналаа ирүүлсэн дарааллыг баримтлан төлөөлөгчдөд асуулт асуух, үг хэлэх зөвшөөрөл өгөх
11.1.4. Төлөөлөгчдөөс гаргасан горимын саналаар санал хураалт явуулах
11.1.5. Санал хураалт явуулж, дүнг мэдээлэх
11.1.6. Хуралдааны шийдвэрийг хэлбэржүүлэх ажлыг зохион байгуулах
11.1.7. Ирц хүрэлцэхүйц байвал хүндэтгэх шалтгаантай төлөөлөгчид чөлөө өгөх
11.1.8. Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх, үүрэг
11.2. Асуудлыг хэлэлцэж журам, дарааллын талаар төлөөлөгчөөс гаргасан саналыг горимын гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана.
11.3. Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хурал болон хороо, түр хороодын хуралдааны хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилах ажлыг зохион байгуулна.
12 дугаар зүйл. Хуралдааны тэмдэглэл хөтлөх журам
12.1 Хуралдаан бүр дээр түүний үйл ажиллагааг нарийн тэмдэглэсэн тэмдэглэлийг õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà хөтлөнө. Үүнд:
12.1.1. Хуралдааны дугаар, хуралдаан хийсэн он, сар, өдөр,
12.1.2. Хуралдааны ажиллагаа эхэлсэн, дууссан , илтгэл, хавсралт илтгэл, санал, шүүмжлэл, асуулт, хариулт, асуулга, тайлбар, лавлагаа өгсөн хугацааны хамт тэмдэглэнэ.
12.1.3. Хуралдааны ирц тоо, хувиар байхгүй байсан төлөөлөгчийн нэр, шалтгаан,
12.1.4. Хуралдаан нээсэн хүний овог нэр, хуралдааны дарга, нарийн бичгийн даргад хэний саналаар, ямар албан тушаалтай, хэн хэнийг сонгосон
12.1.5. Илтгэл хавсралт илтгэл, бусад асуудлыг ямар албан тушаалтай хэн оруулсан
12.1.6. Илтгэгчдээс асуусан асуулт, түүнд өгсөн хариулт
12.1.7. Санал, шүүмжлэл гаргасан төлөөлөгч, урилгаар оролцсон хүмүүсийн нэр, албан тушаалтан
12.1.8. Хуралдааны ажиллагааны явцад тавигдсан асуулга, түүнд хуралдаан дээр өгсөн бол гол утга
12.1.9. Баталсан шийдвэрүүдийн нэр, хурлын тогтоолуудыг хэлэлцүүлж батлуулсан журам, саналын дүн
12.1.10. Хуралдааны явцад хэлэлцсэн, сонордуулсан, тараасан баримт бичиг,
12.1.11. Төлөөлөгчид тусгайлан тэмдэглүүлэхээр өөрөө бичсэн
12.1.12. Хуралдаанд хоцорч ирсэн, чөлөө авсан, өвчтэй байсан, тасалсан, хуралдааны даргын зөвшөөрөлгүйгээр гарч явсан төлөөлөгчийн нэр, цаг минут,
12.1.13. Төлөөлөгчдийн хуралдаанд хэлсэн үгийг тодорхой бичих бөгөөд тусгайлан тэмдэглүүлсэн зүйлийг тухайн төлөөлөгчдөд хянуулж гарын үсэг зуруулна.
12.1.14. Хуралдааны тэмдэглэлд дарга, хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, хуралдааны материалд хавсаргана.
12.2. Хуралдааны тэмдэглэл нийтэд нээлттэй байх бөгөөд хүссэн иргэн нь танилцаж болох ба хэсэгчлэн хувилж авч болно.
13 дугаар зүйл. Хурлын шийдвэрийг зохион байгуулах
13.1. Хуралдааны тогтоолыг мөрдөх хугацааг жичид нь заагаагүй бол уг хуралдаан болсон өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
13.2. Хуралдааны шийдвэрийг мэдээлж сурталчлах, биелэлтийг зохион байгуулах ажлыг Тэргүүлэгчдид, Хурлын төлөөлөгч, Хурлын ажлын алба, Засаг дарга түүний Тамгын газар, мэргэжилтнүүд, албан байгууллагын дарга, эрхлэгч нар хариуцна.  
13.3. Хуралдаан дууссанас хойш ажлын 15 хоногийн дотор хуралдааныг бэлтгэж хийлгэсэн ажлын үр дүнг хэлэлцэх, хурлын тогтоолын биелэлтийг зохион байгуулна.
13.5. Хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүнгийн талаар сумын Засаг дарга, түүний Тамгын газар, мэргэжилтнүүд,  албан байгууллага, аж ахуйн нэгж дээр шалгах, тэдгээрийн удирдлагуудын илтгэл, сонсголыг хэлэлцэх ажлыг хийж дүгнэлт өгч болно.
13.6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу хурлын шийдвэр биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцож байна.
13.7. Хурлын шийдвэрийн биелэлтийн талаар Хурал, түүний Тэргүүлэгчид тусгайлан хэлэлцэж чиглэл өгөх, хугацаатай даалгавар өгөх, шаардлага тавих, хариуцлага тооцох зэргээр ажиллаж гаргасан шийдвэрээ ажил хэрэгч болгохын төлөө ажиллана.
14 дүгээр зүйл. Онцгой үеийн шийдвэр гаргах ажиллагаа
14.1. Байгалын гамшиг, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гал түймэр зэрэг нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлсэн аливаа үзэгдэл, үйлдлийн эсрэг авсан шуурхай арга хэмжээтэй холбоотойгоор аймгийн Засаг дарга захирамж гаргасан бол сумын Засаг дарга Хурлын даргад нэн даруй мэдэгдэж хүргүүлнэ.
14.2. Энэ зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан мэдэгдлийг хүлээн авсан дариуд Хурлын Тэргүүлэгчдийн хурлыг Хурлын дарга зарлах ба Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар аймаг, сумын Засаг даргын гаргасан захирамжийг авч хэлэлцэж тодорхой шийдвэр гаргана.
14.3. Онцгой дэглэм тогтоосон, гэнэтийн аюулын үр дагаварыг арилгахтай холбогдуулан түр журам гаргасан, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, даамжрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан сумын Засаг даргын захирамжèéг хэлэлцэхдээ нөхцөл байдлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг нутаг дэвсгэрийн цагдаа, онцгой байдал, мэргэжилтэн, хүн ба мал эмнэлэгийн газар зэргээс авсаны үндсэн дээр бодитойгоор үнэлж шийдвэр гаргана.                    


ЭЭЛЖИТ 5 ДУГААР ХУРАЛДААН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%