Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй иргэд, сурч боловсорч буй оюутан залуусын уулзалт боллоо. Оюутан залуус, ахмад багш нар, үе үеийн төгсөлтийн төлөөлөл 100 орчим хүн цуглаж “Жи энд Юу Голд”-ийн эсрэг гарын үсгээ зуран, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар үнэтэй санал санаачлага гаргасан байна. Уулзалтаар өмнө зарласан нутгийн иргэдийн төлөөллөөс сум оронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар бодит мэдээлэл авч, Улаанбаатар хотод сурч ажиллаж байгаа уугуул иргэдийн хийж хэрэгжүүлж болох ажлын тухай ярилцаж, санаа бодлоо солилцсон. Олонхийн саналаар дараах хоёр ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.
1. Уурхайн олборлолтыг бүрэн зогсоох үйл ажиллагааг дэмжих зорилгоор хандивын аян өрнүүлэх.
2. Нутгаа хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллага байгуулах.
Хандивын дансны дугаар болон төрийн бус байгууллагын эхний ээлжинд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар тун удахгүй мэдээлнэ. Бид нутгийнхаа төлөө нэгдэж чаддаг, нутгаас төрсөн салбар салбарын мэргэжилтнүүдтэй, далайцтай үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэдэг нь тус уулзалтаас харагдсан юм. Уулзалтанд хараахан ирж амжаагүй хүмүүсийг санаа оноогоо хуваалцахыг уриалж байна. Төрсөн нутгийн минь лус савдаг ивээж, босоо заяа нь түших болтугай!